УЛААНБААТАР БОДЬ БУЯН
Манай сүмийн гол шүтээн нь диваажингийн орны эзэн Авид бурхан юм. Монголчууд Авид бурхныг эрт цагаас шүтэн дээдэлж ирсэн уламжлалтай билээ. Азийн бусад улс орнуудад Авид бурханы шүтлэгтэн олон бөгөөд бусад номыг үзэлгүйгээр гагц Авид бурханы алдрыг уншин бясалгадаг шашны урсгал чиглэл ч байдаг.
2004 онд нээгдсэн манай сүм нь Авид бурханыг хийдийнхээ гол шүтээн болгон сэнтий, жавилын хамтаар бүтээн залж, энэ болоод хойтын тус амгаланг даатган залбирч байдаг юм.
Диваажингийн орны болон Авид бурханы тахилгын ном уншлагыг Монголын их гүн ухаантан одоогийн Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт мэндэлсэн эрдэмтэн лам З.Агваанбалдангийн /1797-1864/ зохиосон зан үйлийн дагуу явуулдаг.
Авид бурханы тарнийг өгүүлсэн болон алдрыг нь сонссоны төдийгөөр гурван муу заяаны аюул зовлонгоос гэтэлгэх адистидтэй тул манай хийдэд ирсэн сүсэгтэн Авидын зүрхэн тарнийг уншин залбирч байваас эрдмийг нь хүртэх нь дамжиггүй юм.
Гол зүрхэн тарни нь Ум амитава хри сууха
Сүм суварга эргэх цагт 21 болон 108 түүнээс олон тоогоор уншин бясалгаж ялангуяа бурхан болоочдын хойтын буяны тухайд залбиран уншваас нэн тустай.
Цаглашгүй гэрэлт Авид бурханы зүрхнээс ихэд нигүүлсэгч Жанрайсиг бурхан мэндэлсэн бөгөөд Авид бурханы энэрэл нигүүлсэхүйн билэгдэл нь болсон юм. Учир иймийн тул Жанрайсиг бурханы зургаан үсэгт зүрхэн тарни болох Ум ма ни бад мэ хум хэмээхийг өдөр шөнийн цаг үргэлжид бясалган уншиж байваас Авид бурханы тааллыг баясган бүтээж буй хэрэг болох тул энэ насан уртасч, сүр жавхаа нэмэгдэж, эцэст наснаас хойно амгалант диваажингийн орноос лянхуа цэцэгсийн хонхорцогт мэндлэх хувь ерөөлийг бүтээж буй хэрэг юм.